Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Ард иргэдтэйгээ уулзалт хийлээ.

2017-03-30

Сумын ИТХ-ын дарга С.Гонгор, сумын Засаг Д.Цэдэнсодном нар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагаас сумын ард иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж сонгогдсоноосоо хойш хийсэн ажил ойрын хугацаанд хийх ажлын талаарх мэдээлэл танилцуулга хийлээ.
Засаг дарга Д.Цэдэнсодномын танилцуулгаас: Төрийн торгон сүрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр малчдын зөвлөгөөнөөс дэмжсэн бөгөөд сумын нийт ард иргэдэд танилцуулан ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар батлуулахаар санал болгож байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь ашиг шим өндөртэй, эрүүл, өөрийн гэсэн үүлдрийн мал сүрэгтэй болж, хөтөлбөрийн ашиг тусыг нийт ард иргэд хүртэж малжуулах төсөл, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэж байх юмаа. Торгон сүргийг эхний ээлжинд адуу, үхэр, хонин сүргээр бүрдүүлэхээр төлөвлөж, адуун сүргийн ИТХ-ын дарга С.Гонгор, үхэр сүргийг Засаг дарга Д.Цэдэнсодном, хонин сүргийг МЭҮТ-н дарга О.Энхболд хариуцна. Мөн Залуу төрийн албан хаагчдыг дэмжих хөтөлбөртэй болох зорилгын хүрээнд эхний ээлжинд сумын төвийн худгаас дооших газарт орон сууцны жишиг хороололтой болох зорилгоор канад технологиор хямд байшин барих асуудлыг ярьж байгаа. Залаа цагаан хоршоо өөрийн хөрөнгөөр төв шугмыг холбож өгнө. Иргэд өөрсдөө цааш нь орон сууцандаа авах асуудлыг шийдэх хэрэгтэй. Өлзийт үйлчилгээний төв баригдахаар зураг төсөв нь хийгдсэн. Цагдаагийн кобоны урд халуун ус, үсчин, гоосайхан гэсэн иж бүрнээр барих санал тавьсан. Энэ жил ЖДҮ-н зээлэнд 176.0 сая төгрөг зарцуулах эрхийг сумын ИТХ-аас өгсөн бөгөөд энэхүү зээлийн төвлөрүүлэлтийн байдлаас болж дараагийн зээл олгох ажилд тэр хэмжээгээр нөлөөлнө. Ер нь дорвитой бүтээн байгуулалт, үр өгөөжтэй төсөлд өгөхийг зорилго болгоно. Байн хөндийд үйлчилгээний төв байгуулах асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцсан бодлогоор дэмжинэ. Аймгийг цахилгаанжуулах нарны зайн үүсгүүрийн газар 50 га газрыг манай сумаас олгохоор болж энэ ажлыг түшиглээд Байн хөндийд тогтой болох асуудлыг төлөвлөж байна. Мөн хадлангийн механикжсан салаатай болох асуудлыг шийднэ. Иргэд өөрийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх бодит боломжууд байгааг сайн ашиглах хэрэгтэй. Энэ 4 жил баримтлах гол бодлого бол иргэн бүр ажилтай орлоготой байж амар тайван орчинд ая тухтай амьдрах боломжоор хангах явдал юмаа.
ИТХ-ын дарга С.Гонгорын танилцуулгаас: Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ нь ээлжит хуралдааныг 2 удаа, ээлжит бус хуралдааныг 2 удаа нийтдээ 4 удаа хуралдаж эрх зүйн хэм хэмжээний 53 заалт бүхий 23 тогтоол гаргасаны 8 тогтоолыг хяналтанд авсан байна. 4 удаагийн хуралдаанаар: ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогын баримт бичиг, ИТХ-ын хуралдааны байнгын дэг, Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсөв, орлогын төлөвлөгөө, газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө зэрэг бодлогын гол гол бичиг баримтуудыг хэлэлцэн баталсан. Ээлжит бус 5 дугаар хуралдааныг 2017.04.03-нд хуралдахаар зарласан бөгөөд “Төрийн торгон сүрэг” хөтөлбөрийг батлахаар төлөвлөсөн.
ИТХТ-д нь 10 удаа хуралдаж 58 заалт бүхий 25 тогтоол гаргаж : Хадлангийн механикжсан салаатай болох асуудал, ГХУСАЗСЗ-н бүрэлдэхүүнд нэмэлт оруулан, түүний ажиллах журам, сумын хөдөлмөрийн аварга шалгаруулах журмыг баталж, тариалангийн бүс нутгийг тогтоох, газар эзэмшигч иргэн, ААН, байгууллагуудад хяналт тавих ажлын хэсгийг томилсон байна. Мөн Улс, аймгийн аварга малчин, алтан төлийн эзэн, шинэ хот айл, төрийн дээд шагналд нийт 29 хүнийг тодорхойлсоноос Улсын аварга малчин 1, аймгийн сайн малчин 3, Алтан хурганы эзэн 1, аймгийн шинэ хот айлаар 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медалиар 5 иргэн шагнагдсан байна. Төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор НӨУБ-ын чадавхыг бэхжүүлэх төслийн болон МНУХ-ны сургалтуудад төлөөлөгчдийг хамруулсан. Төлөөлөгчдийг хөдөөгийн багт ажиллах боломжоор хангаж байгаа. Эдийн засгийн бодит боломжууд гарч байна. Ноолуур ханш өндөр гарч байна. Энэ хэмжээгээр малчдад боломж байна. Нутгийн иргэд газар тариалан эрхлэхэд онцгой анхаарах, эрэлт ихтэй байдаг сонгино сармис их таримаар байна. Бага Шаргалжуутын рашаан сувиллын удирдлагуудтай уулзаж ярилцаж орон нутагт нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллах зорилтот бүлгийг хамруулах асуудлыг шийдвэрлэнэ. Дэлээбазарын Сүхбатын "Жаргалан" амралтад иргэдээ хөнгөлөлттэй нөхцлөөр амрах боломжоор хангана. Хөх хотоос мэргэжилтэн солилцоогоор Монгол бичгийн багш, уламжлалын эмч авч ажиллуулна. Бизнес аялалыг зохион байгуулна. 2,3,5 дугаар багийг цахилгаанжуулах асуудлыг шийдэх боломжтой байгаа. Иргэд та бүхний оролцоо маш их чухал байна. Хийж байгаа ажилтай холбоотой асуудал санаа оноо, алдаа дутагдал гарвал тухай бүр амаар болон бичгээр өгч байгаарай. Хүн бүр эрүүл байж, амьдрах орчноо сайжруулж, орлоготой, хуримтлалтай болох хэрэгтэй.
Ингээд ард иргэдийн сонирхсон асуултад 2 дарга хариулж чөлөөт ярилцлага боллоо. Сард 1 удаа уулзаж байхаар тогтов.
Иргэн бүр хандлагаа өөрчлөх, өөрийгөө хайрлая, дараа нь бусдыг хайрлах. Бусдыг муулдаггүй байх. Гэр бүл болгон ямар нэгэн асуудалгүй байх. Ажилгүй иргэдийг ажилтай болгохыг зорьж байна. Иргэн та бүхний оролцоо, санаачлага их хэрэгтэй шүү гэдгийг хүслээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%