Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн золголт 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барилгын коллежийн урлаг танхимд боллоо. Нутгийн золголтод сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар, байгууллагын дарга эрхлэгч, энэ жил улс, аймаг, сумын аварга болсон малчид, ахмадын төлөөлөл, УБ хот дахь сумын харьяат иргэд нийт 200-аад хүн оролцлоо. УБ хотын нутгийн зөвлөлийн дарга Д.Онолбаатар, сумын ИТХ-ын дарга С.Гонгор, сумын Засаг дарга Д.Цэдэнсодном нар золголтыг нээж үг хэлж нутгийн иргэдийн амар мэндийг мэдэж соёлын төвийн эрхлэгч Р.Оргилсайхан морин хуурын аялгууг эгшиглүүлэн, сумын лам Ц.Дашдэмбэрэл, С.Бат нар нутгийнхандаа хийморийн сан айлдаж, даллага авлаа. Энэхүү арга хэмжээг Ж.Түвшинжаргал хөтлөн аймгийн ХДТ-ын дуучин Р.Болортуяа, дуучин П.Баярмагнай, Ю.Нармандах, Хөх тэнгэр хамтлагийнхан ая дуугаа өргөн барилаа. Аймгийн ИТХ-ын "Хүндэтгэл" шагналаар Д.Онолбаатар, М.Даваабат, "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр З.Цэрэнбат, Аймгийн Засаг даргын жуухаар Ж.Түвшинжаргал, Баянхонгор дурсгалын номоор генерал Пүрэвдорж, Д.Чулуунбаатар, Б.Батбаатар, Р.Даваа, Дулам-Адъяа нарыг шагнаж хүндэтгэл үзүүллээ. УБ хот дахь нутгийн зөвлөлд Ш.Мөнхзаяа, Хөдөлмөрийн яамны газрын дарга М.Даваабат, Техник импортын захирал Ганцэцэг, ХАА-н яамны газрын дарга Гантогтох, хурандаа Борын Эрдэнэбаатар нарыг нэмж орууллаа. Уулзалтад оролцсон улс, аймаг, сумын аварга малчдыг үндэсний үйлдвэрлэгч болох Мах импекс, Талх чихэр компаниуд. Мил хаус гурилын үйлдвэрүүдтэй танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа.