Шаргалжуут голын жавар-2017 мөсний баярыг сумын Нийгмийн түншлэлийн багаас 4 дэхь жилдээ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ИТХ, ЗДТГ, Сайн-Оюут сургууль, Ирээдүй цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, 1,5,6 дугаар багууд, Хайрхан бүлгийн иргэдийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож мөсний шагай, тэшүүр, мөсний сумо, олс таталт зэрэг төрлүүдээр өрсөлдөн хурд хүч авхаалж самбаагаа сорьж Сайн-Оюут ахлах сургуулийн хамт олон 1 дүгээр байр, ЗДТГ 2 дугаар байр, ЭМТ 3 дугаар байр, Соёлын төв 4 дүгээр байр, ИТХ 5 дугаар байр эзэллээ. Мөсний баярын чимэг болсон арга хэмжээ бол “Хээрийн цайны амт” байлаа. Соёлын төвийн майханд зочилоход борцтой цайгаа зэсэн аягандаа хийж амтлуулан Монголын бахархал болсон морин хуураа хоймортоо залж бий биелгээгээр чимлээ. Өөдлөн дэвжихийн бэлэгдэлтэй Өлзийтийн ард түмэн мөсний баяртаа хүүхэд, хөгшидгүй оролцож нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрүүллээ.