Аймгийн цагдаагийн газрын ажлын хэсгийнхэн манай сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Аймгийн Цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга Ц.д/х Б.Батбилэг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга Ц.х/ч Э.Алтангэрэл, Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч Ц.а/д М.Гончигсумлаа, замын цагдаагийн байцаагч Ц.а/х А.Батхуяг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч Ц.а/д Г.Буйрцэцэг, цагдаагийн газрын нярав Ц.д/а Нямжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн 2017 оны 01 дүгээр сарын 06-нд манай сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээлэл, Аймгийн ИТХ болон Засаг даргаас гаргасан бодлого шийдвэр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар танилцуулга мэдээлэл хийж хөдөлмөрчдийн сонирхсон асуултад хариулж 2017 онд цагдаагийн газраас сумдтай байгуулах гурвалсан гэрээнд тусгах ажилд санал авлаа. Манай сумын гэмт хэргийн тоо урьд оныхтой харьцуулахад 6 нэгж буюу 18.5 хувиар буурсан. Аймгийн ИТХ-ын 2016 оны 118 дугаар тогтоолоор "Согтууруулах ундаагаар үйлчлэх журмыг шинэчилсэн" үүнийг мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллана, худалдаа үйлчилгээ явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачлагаар камертай болох, хулгайн гэмт хэргийг бууруулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон. Галт зэвсгийн тооллогыг хийсэн бөгөөд эзэмшигчдийг гэрчилгээжүүлэх сургалт 2017 оны эхний улиралд зохион байгуулагдана. Мотоциклийн хөдөлгөөнийг 3 дугаар сар хүртэл хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд хамгаалалтын малгай болон А ангилалын үнэмлэхтэй иргэн мотоцикол унах эрхтэй болохыг анхаарууллаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргавал торгуулийн хэмжээ тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа тул жолооч нар хуулийн дагуу хөдөлгөөнд оролцохыг сурталчиллаа. Хүүхдийн дундах гэмт хэргийн тоо аймгийн хэмжээнд ихсэх хандлагатай байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавьж ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг зөвлөлөө.