Улаанбаатар хотод амьдран суугаа Өлзийт нутгийнхны золголт өргөн дэлгэр сайхан боллоо. Золголтын үйл ажиллагааг ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, нутгийн зөвлөлийн дарга Д.Онолбаатар нар нээж, Доржийн чангийн хурлын лам Ц.Дашдэмбэрэл нутгийн олны буян заяа, хийморь лундааг даатгаж ном айлдсанаар эхэллээ. Золголтод нутгийн 160 гаран иргэд оролцож сум орон нутгийн мэдээлэлтэй танилцаж, хууч хөөрөн урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Золголт дээр Хурд хамтлагийн ахлагч УГЗ Д.Ганбаярт Баянхонгор аймгийн "Хонин жилийн 9 алдартан" шагналыг Нутгийн зөвлөлийн дарга Д.Онолбаатар гардуулж хүндэтгэл үзүүллээ. Сумын ИТХ, ЗДТГ-аас Д.Ганбаярт хадаг мөнгөн аягатай сүүг өргөн барьж, сумын Засаг даргын захирамжаар "Сумын хүндэт тэмдэг"-ээр УБ хотын нутгийн зөвлөлийн дарга Д.Онолбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, өндөр настан нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Даш, сумын захиргаанд олон жил ажилласан өндөр настан Д.Батдорж, нутгийн уугуул Чимэдцогзол нарыг шагнаж хүндэтгэл үзүүллээ. Сумын удирдлагууд, нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид уулзаж нутгийн зөвлөл өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болох ажлын эхлэлийг тавих талаар санал солилцож ажил хэрэг болгохоор боллоо. Уулзалтад оролцсон нутгийн иргэд сэтгэгдэл өндөр сайхан байгаа илэрхийлж байлаа. Хурд хамтлагийн ахлагч урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяр урилгаар сумаас очсон ажлын хэсгийнхэн ХУРД хамтлагийн уран бүтээлээ туурвидаг урлагийн студээр зочилж халуун дулаан яриа өрнүүлж рок хөгжмийн аялгуунд нэгэн өдрийг өнгөрүүллээ.