Их эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагаа сумын Соёлын төвд боллоо. Сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар сумынхаа ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж ёслолын ажиллагааг нээж "Бид тусгаар тогтнолоороо бахархах учиртай" илтгэл уншиж сонордууллаа. Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ажиллагаа болж МЭҮТ-н мэргэжилтэн О.Намжирмаа, Иргэний бүртгэлийн ажилтан Бямбадулам, байгаль хамгаалагч Г.Батболд нар төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн далбаанд мөргөж ард түмнийхээ төлөө ажиллахаа батлан тангаргалав. Мөн 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа З.Дашням, Лхамдулам, Бат-Эрдэнэ, Долгорсүрэн, Ууганцэцэг нар иргэний андгай өргөн Монгол улсын иргэний эрх, үүргээ биелүүлэх нэр төртэй эрхэм үүргийг хүлээлээ. Монголоороо бахархах энэхүү өдөр "Тэргүүний ардын авьяастан" цол тэмдэгтэн Ц.Дашдэмбэрэл, З.Хоролсүрэн, Ш.Уранцэцэг, Ч.Гаваадамба, Ж.Тогооч, Д.Анхбаяр, Сүрэнхорлоо, соёлын төвийн бүжгийн дугуйлангийн сурагчдын хамтарсан концертыг ард түмэндээ тоглож сонирхууллаа.