Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулж буяны ном хурлаа.

2014-09-10

Хэлмэгдэгсдийн дурсгал цагаан ном /Гуравдугаар боть Баянхонгор тэргүүн дэвтэр/-д 1937-1942 онд улс төрийн хилс хэрэгт холбогдон хэлмэгдсэн 608 хүний мэдээлэл байгаагаас тухайн үеийн Өвөрхангайн Баруун Өлзийтөд харъяалагдаж байсан одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумд хамааралтай 66 хүний мэдээлэл байдаг юм байна. Эдгээр 66 хүнээс 53-ыг нь буудан алах ялаар, 12-ийг нь 10 жил, 1-ийг нь 8 жил хорьж мөрдөн байцааж байгаад суллажээ. Хилс хэрэгт хэлмэгдсэн 66 хүнийг насны ангиллаар авч үзвэл:
    21-25 настай 2
    36-40 настай 2
    41-45 настай 7
    46-50 настай 6
    51-55 настай 13
    56-60 настай 16
    61-65 настай 6
    66-70 настай 4
    71-75 настай 3
    Насны байдал тодорхойгүй 7 хүн байна.
Энэ ангиллаас үзэхэд 66-75 настай 7 хүнд ял шийтгэл оногдуулсан нь 1937-1939 онд монгол оронд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлт харгис хатуу байсны нэгэн гэрч юмаа.
40-65 насны хүмүүс 57 буюу 86.4 хувийг эзэлж байгаа нь амьдралд тогтсон байр суурьтай хүмүүсийг нэгэнт төлөвшсөн үзэл бодол, хандлагынх нь улмаас алж устгах, ингэснээрээ, үзэл санааны хувьд эсэргүүцэх хүчнээ дарсан гэдгийг харуулж байна. Учир нь амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшсөн, өөрийн өмч аж ахуйтай хүмүүс аль ч цаг үед төр, засгаас авч явуулж буй бодлого, шийдвэрт, өөрийн эрх ашгийн үүднээс туршлагадаа тулгуурлан бие даасан байдлаар шүүмжлэлтэй ханддаг нэгэн зүй тогтол буй.
Эдгээр 66 хүнийг эрхэлж байсан ажил, албан тушаал, зэрэг зиндаагаар нь ангилан үзэхэд:
1.Лам хуврагууд-59 буюу 89.3 хувь
    Гавж -10
    Аграмба-5
    Гэсгүй /гэвхүй/-2
    Дооромбо – 12
    Гүрэмч-2
    лам-28
2.Тайж угсаатан, хуучин төрийн албан хаагчид-1 буюу 1.6 хувь
    Тайж-1
3.Ардын төрийн албан хаагчид, ард иргэд-6 буюу 9.1 хувь
    Сумын дарга -1
    Малчин – 5
Эдгээр хүмүүсийн 4-ийг нь 1941 онд, 1-ийг нь 1964 онд, 2-ийг нь 1989-1990, 59-ийг 1992-1993 онуудад цагаатгасан байна.
Өнөөдрийн байдлаар улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ач зээ нарын судалгааг гаргаж үзэхэд төрсөн хүүхэд 1, ач зээ нар 7 хүн байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байсан эдгээр хүмүүсээ дурсан хүндэтгэл үзүүлж Гонгандандэдлэн хийдийн лам С.Ганбат, Ц.Дашдэмбэрэл, С.Батаа нар буяны ном хурлаа.
Бусдын төлөө хийсэн буян нь бум түмээр арвижиж сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Энэхүү арга хэмжээнд Өлзийт сумын төрийн албан хаагчид, ард иргэд, сурагчдын төлөөлөл, хэлмэгдэгсдийн ач, зээ нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%