ХАЛХ ГОЛ-75
Саяхан "Өдрийн сонин"-д сэтгүүлч Л.Батцэнгэл Улсын баатар Ц.Олзвой болон түүний удам судрын тухай сурвалжлан нийтэлжээ. Үүнээс үүдэн Олзвойн дотны анд, дайчин нөхөр тус сумын харъяат Д.Лундаажанцангаа дурсан дурьдюу.
1960-70-аад оны бага сургуулийн унших бичгийн номонд Улсын баатар Олзвой өөрийн дотны нөхөр Лундаажанцангийн хамт дайсны цэргийн хуаран руу нэвтэрч яндан дуран, амьд хэл олзолсон тухай нэгэн баатарлаг гавьяаны түүх бичсэн байдагсан. Тэр Лундаажанцан гэдэг нь манай сумын хоньчин өвгөн байсныг хожим мэдээд үнэхээр бахархал төрж билээ.
Тэр яндан дуран,япон цэргээ яаж олзолсон юм бол?
...Хороон даргаасаа /Л.Дандар баатар/ тушаал аваад гурвуул мориор гарч. Лундаа нутгийн цэргээ авч явъя гээд Навааныгаа дагуулж.
Ойролцоо очоод өдөржин,үдэш болтол тагнаж,харж тандсан юм байх.
Харанхуй болонгуут морьдоо Наваандаа үлдээгээд дайсны хуаранд нэвтэрч харуулын цэргийг нь барьж ирээд хувцасыг нь өмсөөд буцаж "харуулын цэрэг"-ийн үүрэг гүйцэтгэж дээ. Ингээд л яндан дуран манайх!!.
Яндан дурангаа нуруундаа үүрээд япон цэргээ мориндоо дүүрээд ирсэн түүх энэ.
Энэхүү дурсамжийг Лундаа гуайгаас сонсож,өөрөө л хамт явсан юм шиг тов тодорхой ярих хүмүүс олон байнаа.
Цэрэг Наваан нь сум орон нутагтаа насан турш амьдарч,артел,нэгдэлд мужаан хийж, мал маллаж байсан "сахал" Наваан гэдэг хүн болой.
1983 онд манай аймагт Ардын арми сурталчилах сарын ажил явагдсан юм. Армийн томчууд бараг бүгд ирсэн дээ.Баатрууд,генералууд, хурандаанууд... . Уулзалт,тоглолт... гээд олон арга хэмжээ зохиогдсон юм. Ахмад дайчныхаа хувиар Лундаа гуай ч хөдөөнөөс уригдан оролцож билээ. Энэ үеэр хороон дарга Дандар нь баярын нулимстай уулзаж, нэгдлийн зочид буудалд өвөртөө унтаж, өдөржин шөнөжин ярилцсан гэдэг юм. Дайны жилийн цэрэг дарга явсан эх оронч хөвгүүдийн энэхүү алтан учрал ямархан сайхан байсан бол.
Тэр хавартаа Дандар баатар эргэн ирж Лундаа гуайнд долоо найм хонож, хаваржаанд нь буулгалцаж, хонь хариулж, дандаа л явган явдаг байсан гэдэг.
Лундаажанцан гэж ийм нэгэн туульсын баатрын домогтой, улсын баатрын энтэй ахмад дайчин, эх оронч байлаа.
Нийтлэл бэлтгэсэн:
Сайн Оюут ахлах сургуулийн сургалтын менежер Г.Болдоо