XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн золголт 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 24 дүгээр сургууль дээр боллоо. Золголтын үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга С.Гонгор, сумын Засаг дарга Д.Цэдэнсодном, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Онолбаатар нээж нутгийн зон олны амар мэндийг эрэн мэндчилэв. Золголтод улс, аймаг, сумын аваргууд, баг, байгууллагын дарга, эрхлэгчид, УБ хот дахь нутгийн уугуул иргэд болох 220-иод иргэн оролцлоо. Хуран цугларсан нутгийн зон олондоо Сайн-Оюут сургуулийн сурагч Б.Бадамдолгор, Ө.Оюун-Эрдэнэ, бүжгийн дугуйлангийн сурагчид ая дууны түрлэг өргөн, уран бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ. Тус сумын уугуул Сономжамцын хүү МУСТА Жаргалсайхан, МУСТА Ж.Түвшинжаргал ая дуугаа өргөн барилаа. Улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа сумын удирдлагууд шагнаж урамшууллаа. Аймгийн ИТХ-ын "Соёрхол" одонгоор Шагжийн Төмөрбаатар, Сономын Чимэддулам, аймгийн ИТХ-ын "Хүндэтгэл" шагналаар Дарьзавын Хүүхэнбанди, Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Нажилын Лхамжав, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Сангидоржийн Ванчигдоо нарыг шагналаа. УБ хотын нутгийн зөвлөлийнхөн улс, аймаг, сумын аваргууддаа хүндэтгэл үзүүлж урам хайрлалаа. Энэхүү золголтын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Дашийн Ганбаатар, Ж.Найдандорж даргатай Залаа Цагаан хоршоо, Цэрэндэндэв даргатай Гүн зэгстэй ШТС, Норжин эмч, Энержи-Орд ХХК, Андын тэмүүлэл ХХК, Эрүүл мэндийн төв, Сургууль, Шижир-Ойл ШТС-ын хамт олондоо ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж,бусдын төлөө хийсэн буян нь түм, бумаар арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье.